АНУ-д засгийн газрын үйл ажиллагааны зогсолтоос үүдэн нэг өдөрт 2000 гаруй нислэг цуцлагдав

Admin
2025/11/10

АНУ-ын агаарын тээврийн компаниуд ням гарагт 2100 гаруй нислэгийг цуцалсан талаар мэдээллээ. Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт буюу шатдаун үргэлжилсээр байгаа нь Талархлын баярын үеэр агаарын тээврийн хөдөлгөөнд ноцтой саатал үүсгэж болзошгүйг тус улсын Тээврийн сайд Шон Даффи анхаарууллаа.

АНУ-ын Нисэхийн удирдах газар өнгөрсөн долоо хоногт агаарын хөдөлгөөний хянагчдын цалин хомсдож, ажлын байраа орхисонтой холбоотойгоор ачаалал ихтэй 40 гаруй нисэх онгоцны буудлын нислэгийг цөөлөх тушаал гаргасан байна.

Энэ шийдвэрийн дагуу нислэгийн тоог өнгөрсөн баасан гарагт 4 хувиар бууруулж, энэ сарын 14 гэхэд 10 хувь хүртэл нэмэгдүүлэх төлөвтэй байгаа юм. Энэхүү хязгаарлалт өглөөний 6 цагаас оройн 10 цаг хүртэл хүчинтэй байна. Мөн бүх агаарын тээврийн компанид хамаарах юм. “FlightAware” цахим хуудасны мэдээлснээр, зөвхөн ням гарагт 7000 орчим нислэг саатсан. Баасан гарагт 1000 гаруй, бямба гарагт 1500 гаруй нислэг цуцлагдсан бол ням гарагт 2100 нислэг бүрэн цуцлагдсан.

Агаарын тээврийн салбарын холбоо болох “Airlines for America”-ийн мэдээлснээр, 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 7-ны хооронд хянагчдын орон тооны дутагдал, шатдаунаас шалтгаалан 4 сая гаруй зорчигчийн аялал саатсан байна.

Тээврийн сайд Шон Даффи мэдэгдэхдээ: Хэрэв шатдаун энэ долоо хоногт шийдэгдээгүй тохиолдолд Талархлын баярын үеэр АНУ даяар нислэгийн томоохон хямрал нүүрлэх эрсдэлтэй гэж анхааруулсан. Одоогоор Трампын засаг захиргаа болон Конгресс шатдаунтай холбоотой түр санхүүжилтийн тохиролцоонд хүрэхээр хэлэлцэж байгаа ч албан ёсоор батлагдаагүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow