ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр Ням гарагт “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа Украины асуудлаар хоёр орон тогтмол харилцаа холбоо, шууд яриа хэлэлцээгээр урагшлах ёстой гэж онцоллоо. Тухайлбал “Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио бид хоёр тогтмол харилцах шаардлагатайг ойлгож байна. Украины асуудлыг хэлэлцэх, хоёр талын харилцааг урагшлуулах нь чухал юм. Тиймээс түүнтэй утсаар ярьж, шаардлагатай үед нүүр тулан уулзахад би бүрэн бэлэн байна” гэж Лавров мэдэгдсэн
Өнгөрсөн сард Будапештэд болохоор төлөвлөж байсан АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалт Дональд Трампын санаачилгаар гэнэт цуцлагдсан. Тус уулзалтад өмнө нь хоёр улсын Гадаад хэргийн сайд нар бэлтгэл хэлэлцээ хийж байсан. Тэр үед Лавровын гаргасан ширүүн байр суурь уулзалтын уур амьсгалд сөргөөр нөлөөлсөн гэж Барууны хэвлэлүүд мэдээлж байсан.
Үүнтэй холбоотойгоор Лавровыг Ерөнхийлөгч Владимир Путиний “итгэлийг алдсан” гэх цуурхал тарсан ч, Кремль өнгөрсөн Баасан гарагт түүнийг албан тушаалаа хэвээр хашиж байгаа талаар мэдэгдэл гаргасан юм. Лавров ярилцлагын үеэр Украины дайныг зогсоох Москвагийн үндсэн нөхцөлүүдээс татгалзах боломжгүй гэдгийг тодотголоо. Үүнд:
Одоогоор Орос улс эдгээр бүс нутгийн дийлэнх хэсгийг хянаж байгаа. Мөн Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “эзлэгдсэн нутгийг де-факто хэлбэрээр хүлээн зөвшөөрч болох ч, де-юре буюу хууль ёсны байдлаар хүлээн зөвшөөрөхийг үгүйсгэнэ” гэж өмнө нь мэдэгдсэн юм.
Лавровын хэлснээр, өнгөрсөн наймдугаар сард Аляскийн Анкориж хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын хооронд хүрсэн ойлголцол өнөөг хүртэл хүчинтэй хэвээр байна. Тус яриа хэлэлцээ нь 2024 оны зургаадугаар сард Ерөнхийлөгч Путин тавьсан дээрх үндсэн нөхцөлүүдэд тулгуурлаж байсныг тэрээр дахин баталсан.
“Бид одоо Анкорижийн хэлэлцээ хүчин төгөлдөр хэвээр байгааг АНУ-ын талаас баталгаажуулахыг хүлээж байна” гэж Лавров дурдсан. Европын Холбоо ОХУ-ын 210 тэрбум еврогийн битүүмжилсэн хөрөнгийг Украины сэргээн босголт, тусламжид ашиглахаар төлөвлөж байгаа талаар сүүлийн үед мэдээлж байгаа. Энэ асуудлаар Лавров дараах байр суурийг илэрхийлсэн. Тэрээр “Энэ бол хууль бус, олон улсын эрх зүйн үндэслэлгүй үйлдэл. Хэрэв ийм төлөвлөгөө хэрэгжвэл Москва хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэн.
2004 оноос хойш Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа 75 настай Лавровын энэхүү мэдэгдэл нь АНУ–ОХУ-ын дипломат суваг дахин нээгдэх дохио гэж шинжээчид үзэж байна. Хэдийгээр Вашингтон, Москвагийн хооронд итгэлцэл сул байгаа ч, Рубио–Лавровын түвшний уулзалт ирэх саруудад Украины энхийн хэлэлцээний шинэ үе шатны эхлэл болох магадлалтай байна.
Орчуулагч Б.Солонго