Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн улс орон даяар эхэлсэн. Энэ удаагийн татлагаар Хилийн цэрэг болон Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаагчдыг татаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний цэрэг татлага хоёрдугаар ээлжээр буюу аравдугаар сард явагдана.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу 18-25 насны залуучуудыг хугацаат цэргийн албанд татах бөгөөд оюутан, залуучууд уг зохицуулалтад хамаарна. Харин ерөнхий боловсролын сургуулийн сурагч 18 нас хүрсэн тохиолдолд суралцаж байгаагаа нотлох баримт бүрдүүлснээр түр хугацаагаар чөлөөлөгдөх боломжтой. Орон нутгийн харьяалалтай боловч нийслэлд суралцаж буй оюутан, залуучууд цэргийн зарлан дуудах мэдэгдлийн дагуу заавал харьяа орон нутагтаа очих шаардлагатай. Тэгвэл Батлан хамгаалах яамны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга хурандаа Р.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр “Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан оюутан, залуучууд байнга оршин суугаа газраасаа өөр газарт түр хугацаагаар яваа үедээ тухайн нутаг дэвсгэрийн цэрэг татлагын байранд очиж бүртгүүлэх үүрэгтэй. Гэхдээ иргэн орон нутагтаа очих боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн оршин суугаа газрынхаа цэрэг татлагын товчоогоор орох боломжтой" гэдгийг хэлэв.