Лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төр, хувийн хэвшил, аж ахуй нэгж, иргэнд чиглэсэн үр дүнтэй бодлого шийдвэрүүд гарлаа. Энэ нь эдийн засгийн хүндхэн цаг үед Төр засгийн мэдрэмжтэй алхам боллоо. Ингээд хурлын шийдвэрүүдийг товчхон дурдъя.
- Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9.376 хяналт, шалгалтыг цуцаллаа. Ингэснээр иргэд, аж ахуй нэгжүүд эдийн засгаа идэвхжүүлэх, чөлөөтэй үйл ажиллагаа явуулахад дэмжих зорилготойг Ерөнхий сайд тодотгосон юм.
- Төрийн албаны 3.000 орчим сул орон тоог нөхөх, сэлгэн шилжих үйл ажиллагааг яам, агентлагийн чиг үүргийн шинжилгээ хийгдэж дуусах хүртэлх хугацаанд зогсоож, царцаахаар шийдвэрлэлээ. Ингэснээр 26 орчим яамтай тэнцэх орон тоо, дунджаар 7.4 тэрбум төгрөгийн цалингийн санг хэмнэнэ гэлээ.
- Төрийн албан хаагчдыг сар, улирал, хагас жил, жил тутам 20-30 төрлийн тайлан, мэдээ бичихээс чөлөөлж, ижил агуулга бүхий тайланг нэг удаа гаргадаг болгохоор шийдвэрлэлээ.
- Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй гэж хуульчилсан ч төр мэдээллээ хоорондоо солилцдоггүй асуудал байсаар байгааг Ерөнхий сайд шүүмжлээд, хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн Төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид “Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих икабинет дашбордыг /eCabinet dashboard/ хэрэглэх, шаардлагатай мэдээллээ авч байх ёстойг Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдлагуудад даалгалаа.
- Төрийн албан хаагчдын ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах, амралтын өдрүүдэд ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах зэрэг шийдвэрийг өнөөдрийн тогтоолоор гаргалаа.
Түүнчлэн Үл хөдлөх хөрөнгийн 2 хувь татварыг цуцлах, аж ахуй нэгжийн борлуулалтын орлого 400 саяаас доош байвал НӨАТ-с чөлөөлөх зэргээр иргэн, хувийн хэвшилдээ татварын ээлтэй шинэчлэл хийн, Татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.