Урт хугацаанд яригдаж байсан гангийн үйлдвэрийн асуудлыг Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, төслийг эхлүүлэхээр болсноо Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ. Жилд нэг сая тонноос доошгүй хүчин чадалтай ган үйлдвэрлэлийн цогцолборыг Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт 750 га газарт барьж байгуулахаар төлөвлөжээ. Манай улс 2025 оны эцсийн байдлаар нэг сая тонн ган хэрэглэсэн бол 2030 он гэхэд 1.7 сая тонн хэрэглэнэ гэсэн тооцоолол бий. Харин гангийн үйлдвэртэй болсноор дотоодын хэрэгцээгээ хамгийн багадаа 60, 70 хувь хангах боломжтой юм. Тэр хэрээр барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг эрс хямдруулах, импортоос хамааралтай байдлыг бууруулах, цементийн өртөг хоёр дахин буурах давуу талтай. Мөн 1.700 орчим байнгын ажлын байр шинээр бий болох юм.
Энэ төсөлд урьдчилсан тооцоогоор, 800 гаруй сая ам.долларsy хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүний хүрээнд, ган үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч нарт Ган үйлдвэрлэлийн цогцолбор төсөлд хөрөнгө оруулан хамтран ажиллах урилга, сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүргүүлнэ. Энэ ажлыг ирэх тавдугаар сарын 27-ны дотор зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн цаашид зэс хайлуулах үйлдвэр зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа Г.Дамдинням сайд онцоллоо.