АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг тавьсан тулган шаардах хугацаа өнгөрсөн ч сөргөлдөгч талууд дайны үйл явцыг эв зүйгээр шийдэх тохиролцоонд хүрч чадлаа. Ираны дайныг намжаах үйл явцад зуучлагчийн үүрэг хүлээж байгаа Пакистаны талын санаачлагаар АНУ болон Ираны талууд 14 хоногийн хугацаатай түр эвлэрэх саналыг хүлээн авчээ.
Трамп Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф болон фельдмаршал Асим Мунир нартай хэлэлцээ хийсний дүнд тэдний тавьсан саналыг хүлээн авч Ираны эсрэг агаарын цохилт дайралтаа зогсоож, түр хойшлуулахаар болжээ. Түүнчлэн АНУ Ираны талаас 10 заалт бүхий саналыг хүлээн авч, үүнийг хэлэлцээ хийх боломжтой үндэслэл гэж үзэж байгаа аж. Талууд өмнө нь маргаантай байсан бараг бүх асуудлаар тохиролцоонд хүрсэн бөгөөд хэлэлцээрийг эцэслэн байгуулахад энэхүү 14 хоногийн хугацаа хангалттай гэж Д.Трамп мэдэгджээ.
Тэгвэл Ираны тал мөн зуучлагчдын саналыг хүлээн авч Ормузын хоолойг нээхийг зөвшөөрлөө. Дайны зорилго, дуусгах хугацааг олон удаа өөрчилж байсан Д.Трамп АНУ-ын зорилго биелсэн гэж үзэж байгаагаа дахин мэдэгдсэн байна.