Улсын Прокурорын байгууллагаас соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 2025 он болон 2026 оны эхний улиралд шалгасан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлж, түүх, соёлын дурсгалт эд зүйлсийг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлсэн байна.
Тодруулбал, 2025 онд 33 хүнд холбогдох 14 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бол 2026 оны нэгдүгээр улиралд 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шийдвэрлүүлжээ. Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн дийлэнх хувийг соёлын биет өвийг хууль бусаар олж авах, худалдах, зуучлах үйлдэл эзэлж байгааг албаныхан онцолсон байна. Түүнчлэн түүх, соёлын ховор судар бичгүүдийг хууль бусаар худалдсан, Түрэгийн үеийн эд өлгийн зүйлсийг завшсан хэргүүдэд ял шийтгэл оногдуулж, эд зүйлсийг улсын санд шилжүүлжээ. Мөн Дундговь аймагт байрлах “Хүрэн хайрханы хадны бичээс” дурсгалыг гэмтээсэн гадаадын иргэдэд торгох ял оногдуулж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн байна.