Боловсролын яам “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг 2021-2025 онд нийслэл болон Дундговь, Өвөрхангай аймагт хэрэгжүүлээд байна.
Төслийн хүрээнд сургуулийн хоолны цэс төлөвлөлтөд “өнгөний систем”-ийг нэвтрүүлснээр сурагчдад шим тэжээлийн тэнцвэртэй хоол хүнсээр үйлчлэх нөхцөл бүрджээ. Мөн хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид, хоршоодыг дэмжиж, “нэгдсэн цэс”-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн, цахим дэлгүүрээр дамжуулан худалдан авалт хийх ажлыг эхлүүлэв.

Сурагчдын шим тэжээлийн байдалд судалгаа хийж “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөр болон орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд “Хүүхдийн хоолны зөвлөл”-ийг байгуулж, сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг стандартын шаардлагад нийцүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах ажлыг үе шаттай хийсэн байна.
Дараагийн шатны төслийг хэрэгжүүлэх саналыг уламжилж, хамтран ажилласны үр дүнд энэхүү төсөл албан ёсоор баталж “Жайка” олон улсын байгууллагын нарийвчилсан судалгааны багтай уулзалт хийсэн талаар Боловсролын яамнаас мэдээлэв.
Энэ удаагийн төслөөр сургууль дундын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын зохион байгуулалт, төлөвлөлт, хүний нөөцийн удирдлага, хүнсний ханган нийлүүлэлт, түгээлт зэргийг оновчлох, түүнд орон нутгийн оролцоо хамтын ажиллагааг хэрхэн хангаж болох талаар “Загвар гал тогоог” Дархан-Уул аймагт бий болгох аж.
Төслийн баг энэ сарын 13-наас 5 дугаар сарын 1-нд ажиллаж техникийн хамтын ажиллагааны төслийн үндсэн нөхцөл байдал, агуулга, төслийн хамрах хүрээг нарийвчлан тодорхойлж, хамтран хэрэгжүүлэгч байгууллагатай уулзах санах солилцож, төслийн загвар матриц, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах юм.