БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас 2026 оны эхний улирлын байдлаар тус улсад оршин сууж буй монгол иргэдийн статистик мэдээллийг шинэчлэн гаргажээ. Энэ оны гуравдугаар сарын 31-ний байдлаар БНСУ-д нийт 60,067 монгол иргэн амьдарч байна. Хүйсийн харьцааны хувьд эмэгтэй 33,035, эрэгтэй 27,032 иргэн зөвшөөрлийн дагуу сурч, хөдөлмөр эрхлэж байна. Оршин суух визийн төрлөөр нь авч үзвэл аялал жуулчлал болон суралцах зорилготой иргэд ихэнх хувийг эзлэж байна.
БНСУ-д суугаа нийт монгол оршин суугчдын 23.7 хувь буюу 14,244 иргэн визийн хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, БНСУ-д байгаа дөрвөн монгол иргэн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар виз хэтрүүлсэн буюу харласан гэх үзүүлэлттэй гарчээ. Зөрчилтэй иргэдийн 66.8 хувь нь аялал жуулчлалын визээр ирээд хугацаа хэтрүүлсэн байгаа бол 9.6 хувийг гэрээт ажилчид, үлдсэн хэсгийг оюутан болон бусад ангиллын визтэй иргэд эзэлж байна. 2026 оны эхний гурван сард Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэдийн цуваа тасралтгүй нэмэгджээ.
Оны эхний улиралд нийт 47,483 иргэн Солонгос улсад очсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Зөвхөн гуравдугаар сард зорчсон 16,289 иргэний 70 шахам хувийг буюу 11,184-ийг нь богино хугацааны аялал жуулчлалын визтэй иргэд бүрдүүлжээ.