“Фунг-Вонг” супер хар салхи Филиппинийг дайрч, хоёр хүн амь үрэгджээ

Admin
2025/11/10

Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” Филиппиний хойд хэсгийн Лузон аралд ням гарагт газардлаа. Олон улсын ангиллаар super typhoon буюу салхины хурд нь 185 км/цагт хүрсэн тус хар салхины улмаас хоёр хүн амиа алдаж, нэг сая гаруй иргэн нүүлгэн шилжүүлэгдээд байна.

Филиппиний Цаг уурын агентлагийн мэдээлснээр “Фунг-Вонг” нь улсын хэд хэдэн бүсийг зэрэг дайрч өнгөрсөн. Мөн хүчтэй салхи, аадар борооны улмаас цахилгаан тасарч, зам харилцаа бүрэн хаагдсан газрууд ч байгаа юм.

Манила хотын орчим болон Сангли, Бикол мужийн нисэх буудлуудыг түр хугацаанд хааж, бүх нислэгийг цуцалсан байна. Мөн Кагаян, Исабела, Аурора зэрэг хойд мужуудад цахилгаан шугам, харилцаа холбоо тасарсан тухай албаныхан мэдээлжээ. Эрчим хүчний яамны мэдээлснээр, Лузон арлын нийт 16 мужийн 2.3 сая өрх цахилгаангүй болсон байна. Цэргийн болон сайн дурын аврагчид үерийн усанд автсан бүс нутгуудад тусламжийн ажиллагаа явуулж байгаа юм. Мөн эмнэлгийн баазуудыг нүүлгэн байршуулсан байна.

“Фунг-Вонг” нь энэ онд Филиппинийг дайрсан 21 дэх хар салхи. Мөн өнгөрсөн сард тус улсыг дайрсан “Калмаэги” хар салхины дараах сэргээн босголт бүрэн дуусаагүй байхад ийнхүү дахин байгалийн гамшиг нүүрлэж байна. “Калмаэги”-гийн улмаас 224 хүн Филиппинд, 5 хүн Вьетнамд амь үрэгдэж, олон зуун хүн сураггүй болсон.

Үерийн гамшигт нэрвэгдсэн бүсүүдэд усны түвшин эрс нэмэгдэж, зарим тосгон бүрэн усанд автсан байна. Цэргийн онгоц, аврах завь, түр байршуулсан эмнэлгийн ангиудыг хойд бүс рүү илгээжээ.

Цаг уурын байгууллагуудын тооцоогоор “Фунг-Вонг” хар салхи Филиппиний баруун эргээс гараад Вьетнам, өмнөд Хятадын нутаг руу чиглэх төлөвтэй байна. Замдаа сулрах магадлал бага байгаа тул хөрш орнууд онцгой байдлын бэлтгэлээ эрчимжүүлж эхэлсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow