БАРИЛГЫН ЯВЦ НЬ УДААШРАЛТАЙ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Admin
2026/03/17

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, энэ үеэр 2018 оноос хойш хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өгч, нийслэлийн хэмжээнд барилгын ажил нь удаашралтай явагдаж байгаа 33 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх асуудлаар мэдээлэл өглөө.

2026 оны байдлаар нийслэлийн Боловсролын салбарт барилга, байгууламжийн 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагас он гарснаас хойш 4 сургууль, 2 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заал, нийт 9 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ.

Тэгвэл 2018 оноос хойш хэрэгжиж буй барилгын явц нь удаашралтай байгаа 33 сургууль, цэцэрлэгийн барилга байна. Эдгээрээс 10 сургууль, цэцэрлэгийн барилгын 3 нь шүүхийн маргаантай, 7 нь хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн шалтгаанаар гацаад байгаа юм. Нийслэлийн шуурхай зөвлөгөөний үеэр эдгээр барилгын ажлыг хурдасгах зорилгоор ажлын хэсэг байгуулагдаж, сүүлийн 3 жилд 9 сургууль, 2 цэцэрлэг, 1  бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор буюу нийт 12 барилгыг ашиглалтад оруулаад байгааг танилцуулжээ.

Хотын дарга Х.Нямбаатар 2026, 2027 онд эхэлсэн бүх сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж дуусгахыг үүрэг болгож, цаашид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдэж, харин сургалтын чанар, хүүхдийн сурч хөгжих орчин нөхцөлд илүүтэй анхаарах хэрэгтэйг онцоллоо.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow