СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЛБАРЫН АЖЛЫН ХЭСГҮҮД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ АСУУДЛААР ХУРАЛДЛАА

Admin
2026/03/17

Зөвшөөрлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.

Хурлыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Л.Соронзонболд, Г.Лувсанжамц, Р.Батболд болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Кино урлагийн зөвлөлийн төлөөлөл оролцов.

Зөвшөөрлийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Музейн тухай хуулийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас олгож буй зөвшөөрлийн талаар тус яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн танилцууллаа. Тэрбээр, хуулийн хүрээнд музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөс гадна нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, Монгол Улсын нутаг дэвсгэрт палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх, соёлын биет бус өвийн судалгаа хийх, өвийг сэргээн засварлах, зөөж тээвэрлэх, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, палеонтологи, археологийн олдворыг судалж шинжлүүлэх, сэргээн засварлах, гадаад улсад үзэсгэлэнд гаргах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд кино зураг авалт хийх энгийн зөвшөөрөл зэргийг олгодог гэв.

Тухайлбал, музейг төрийн болон орон нутгийн, хувийн өмчийн хэлбэрээр Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байгуулах бөгөөд 300-500 мянган төгрөгийн хураамж төлж, найман жилийн хугацаатай Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авдаг гэлээ. Тэрбээр, музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон бусад энгийн зөвшөөрөл олгох процессийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байх, зөвшөөрөл нь гурван жилээс доошгүй хугацаагаар олгох зэрэг үндсэн зарчимтай байхаар хуульчилсан. Манайхаас олгож байгаа 7 энгийн зөвшөөрөл нь байнгын давтагдахгүй, зөвхөн нэг удаагийн /процесс/ арга хэмжээг зохицуулах хэв шинжтэй бөгөөд агуулга ач холбогдол, цар хүрээ, цаг хугацааны хувьд Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулах боломжгүй байгаа тул эдгээр үйл ажиллагааг хялбар, хүртээмжтэй болгох үүднээс Зөвшөөрлийн тухай хуулиас хасаж, тухайлсан хууль, тогтоомжоор зохицуулах санал гаргав.

Зөвшөөрөл олгохтой холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд дотоодын зохион байгуулалттай холбоотой асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг зөвлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow