АНУ, ИРАНЫ ТАЛААС ОРМУЗЫН ХООЛОЙГ НЭЭХИЙГ ШААРДЛАА

Admin
2026/03/23

Америк Израилийн Ираны эсрэг явуулж байгаа дайны үйл явц 4 дэх долоо хоногтоо шилжлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талд хандан Ормузын хоолойг нээхэд зориулж 48 цагийн хугацаа олгон, хэрвээ шаардлагыг нь хүлээн авахгүй бол Ираны эрчим хүчний цахилгаан станцууд руу дайралт хийж устгахаар заналхийллээ. Ираны тал үүний хариуд Ормузын хоолойг нэгмөр хааж, гадны хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг зогсоохоо мэдэгджээ. 

Америкийн тэргүүн бямба  гарагт Ираны талд хандан Ормузын хоолойг 48 цагийн дотор бүрэн нээхгүй бол Исламын улсын эсрэг хийх цохилтоо эрчимжүүлж, эрчим хүчний систем, тэр дундаа хамгийн томоохон цахилгаан станцуудаас нь эхлэн устгахаар заналхийлсэн.  Трамп энэ мэдэгдлээ Гринвичийн цагаар 3-р сарын 21-ний өдрийн 23 цаг 44 минутад өөрийн албан ёсны цахим хуудсан дээр  нийтэлжээ. Америкийн талаас олгосон дээрх хугацаа Гринвичийн цагаар 3-р сарын 23-ны даваа гарагийн 23 цаг 44 минут буюу Тегераны цагаар 24-ний өдөр дуусгавар болно. 

Тэгвэл Ираны тал хэрвээ Америкийн зүгээс цохилт дайралт хийвэл Ормузын хоолойг нэгмөр хаахаа хариу мэдэгдлээ. Ираны төв телевизийн дамжуулснаар “хэрвээ Америкийн тал улсынх нь цахилгаан станцуудад цохилт өгч устгавал эрчим хүчний станцуудыг бүрэн сэргээн босгож үйл ажиллагааг нь сэргээх хүртэл Ормузыг хоолойг хаах болно” гэжээ.

Ираны эрх баригчдын мэдээлж байгаагаар одоогоор Ормузын хоолой урьдын адил дайсагнагч улс орнуудаас бусад орны хөлөг онгоцнуудад нээлттэй хэвээр байгааг онцоллоо. Өнөөдрийн байдлаар Ормузын хоолойгоор нийт газрын тосны тээвэрлэлт хийдэг хөлөг онгоцнуудын багахан хувь, тодруулбал ойролцоогоор 5% нь аюулгүй, хэвийн тээвэрлэлт хийжээ. Энэ нь дайнаас өмнөх тээвэрлэлттэй харьцуулбал хувь юм.  

Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан Америкийн талаас ирж байгаа заналхийллийг Вашингтон дайны үйл явцыг цааш нь хэрхэх талаар мухардалд орж байгаагийн илрэл гэж дүгнэсэн байна. Пезешкиан өөрийн Х платформ дээр энэ талаар “Ормузын хоолой Иран улсад аюул заналхийлэл учруулаагүй улс орнуудад урьдын адил нээлттэй хэвээр байгаа. Бид зөвхөн дайсагнагч орнуудын эсрэг хориг тавих болно” гэжээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow