ДЭЛХИЙН БИЗНЕС-ХАБЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ ДУБАЙГ ДАЙНД ЗОРИУЛЖ БОСГООГҮЙ

Admin
2026/03/20

Америк, Израилийн Ираны эсрэг өдүүлсэн дайнд Ойрхи Дорнод, Персийн булангийн улс орнууд өртөж байгаа. Тэгвэл Америк-Ираны дайнд Арабын Нэгдсэн Эмиратын “бизнесийн диваажин” хэрхэн өртөж байна вэ?

Ираны дайн дэгдсэнээс хойш Тегеран хөрш зэргэлдээх улс орнууд руугаа жолоочгүй нисэх төхөөрөмж илгээж, цохилт дайралт хийж эхэлсэн. Үүнд нь Арабын Нэгдсэн Эмират, тэр дундаа Дубай өртөж байна. Үүнээс шалтгаалан булангийн орнуудад хэдэн мянган жуулчин саатаж, аялал жуулчлалын салбар хамгийн түрүүнд эрсдэлд оржээ.


Нисэх буудлуудын үйл ажиллагаа доголдож, Дубай хотын зочид буудлууд зөвхөн эхний долоо хоногт 80 мянган захиалгаа цуцлахад хүрчээ. Барууны хэвлэлүүд “Иран улс Дубайн хөрөнгө оруулалт, тансаг амьдралын имижийг эвдлээ” гэж бичих болжээ.

Дубайн нийт иргэдийн 90% нь гадныхан байдаг. Эмиратын эрх баригчид Дубайг гадны хөрөнгө оруулалт, бизнесийн төлөөллийг татах гол төвөө болгохын зэрэгцээ орчин цагийн хөгжлийг татагчид гэж тооцогддог инфлюенсерүүдийн төв болжээ. Өнөөдөр Дубайд гадны 50 мянган инфлюенсер амьдардаг гэсэн тоо ч байдаг.

Тэгвэл Ираны дайны улмаас “Дубайн гайхамшиг” аюулгүй байдал хангалтгүй байгаагаас зогсонги байдалд орж, аялагч жуулчид Дубайг зорих нь эрс багасчээ.

Өнгөрсөн зууны дунд үед Дубайд газрын тосны томоохон ордууд нээснээр эмиратын хөгжил дэвшил эхэлсэн түүхтэй. Улмаар 20-р зууны төгсгөлд Дубай хөгжлийн бодлогоо зөвхөн газрын тос, ашигт малтмалын олборлолтон дээр тулгуурлах биш харин “тансаг диваажин” бүтээх замаар гадны хөрөнгө оруулалт, бизнесийг татаж хөгжүүлэх болсон.


Дубай жилд 20 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас жилд 30 тэрбум ам.доллар төвлөрүүлэх болжээ. Өнөөдөр Дубай нь гадны хөрөнгө оруулалт, бизнесийг төвлөрүүлснээр Дорно өрнийг холбосон томоохон “бизнес-хаб” болж хөгжсөөр байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow