Милан-Кортина Өвлийн Олимпийн наадамд Хятад улсыг төлөөлөн амжилттай оролцсон тамирчин Эйлин Гу цаст уулын оргилоос Vogue сэтгүүлийн нүүрийг чимэх болсон алдартай модель, инлюенсер.
Forbes сэтгүүлд бичсэнээр Эйлин Гу зөвхөн сүүлийн нэг жилд реклам сурталчилгаанаас 23 сая $ олжээ.
Эйлин Гу Америкт төрж өссөн ч 2019 оноос эхлэн ээжийнхээ төрөлх Хятад улсыг төлөөлөн их спортод хөл тавьж, 22 настайдаа уулын фристайлын хамгийн шилдэг тамирчин болж чаджээ. Стэнфордын их сургуулийн оюутан тэрээр загварын ертөнцөд хэдийнэ амжилт гаргаж, олон арван брэндийн нүүр царай болсон төдийгүй их спортдоо ч маш их амжилт гаргаж Олимпийн медальтан болсон.

Спорт, загвар, мэдлэг гэсэн гурван зүйлд тэрээр бүхий л цаг заваа зарцуулж амжилт гаргасаар байна. 2022 оны Бээжингийн Олимпоос эхлэн Эйлин Гуг Хятадын томоохон компаниуд анзаарч, Luckin Coffee, холбоо харилцааны China Mobile, мөн Хятадын төв банкны нүүр царайгаар ажиллуулж эхэлжээ.
Тэгвэл өнөөдөр Эйлин Гу дэлхийн брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж Red Bull, Porsche компаниуд, мөн цаашлаад спортын томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж байна.

2026 оны Милан-Кортинагийн Олимпод тэрээр Faction брэндийн цанаар гулгаж, Oakley брэндийн шил болон хамгаалалтын багтай оролцож, Хятадын Anta Sports-ын өмсгөлөөр гангарчээ.
Дэлхийн загварын ертөнцөд ч Эйлин хэдийнэ өөрийн орон зайгаа эзэгнэжээ. 2019 онд 15 настай байхдаа IMG загварын агентлагтай гэрээ байгуулан дэлхийн загварын тайзнаа алхаж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Хятадын Harper’s Bazaar, Elle, Cosmopolitan, GQ, Vogue зэрэг сэтгүүлийн нүүрийг байнга чимсээр ирсэн төдийгүй 2021 онд Louis Vuitton амбассадор болж, Victoria’s Secret-ын моделиор сонгогджээ.

Эйлин Гу Tiffany & Co, IWC зэрэг дэлхийн үнэт эдлэлийн брэндийн нүүр царайгаар ажиллан, 2021 оноос Met Gala загварын арга хэмжээнд уригдах болжээ.
Үүнтэй зэрэгцэн энэ улиралд Парисын загварын долоо хоногийн тусгай зочноор уригдаж Луврт болсон арга хэмжээнд уригдан оролцсон байна.