УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ЖАЙКА-ийн шинэ суурин төлөөлөгч Араи Рина болон ЖАЙКА-ийн гэрээт зөвлөх, судалгааны багийн гишүүн Кумико Нишимура нартай уулзаж, ахмад настны эрхийн хамгаалал, тэр дундаа асаргааны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцлээ.
Түүний тайлбарлаж байгаагаар:
“Асрах үйлчилгээний тухай” бие даасан хуулийн төсөл:
Хуулийн анхны хувилбар бэлэн болсон бөгөөд олон нийт, судлаач, мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлэх шатандаа орж байгааг танилцууллаа. Хуулийн төслийг боловсруулахдаа ЖАЙКА болон ХНХЯ-тай хамтран Япон улсад туршлага судалж, өргөн хүрээний судалгаанд тулгуурласан юм.
Ахмад настны жишиг асрамжийн төв байгуулах тухай:
Японы нөхөн сэргээх болон асаргааны үйлчилгээний шилдэг туршлага дээр үндэслэн Монголд жишиг төв байгуулахаар ажиллаж буйгаа мөн танилцуулав. Тус төв нь ахмад настнаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд зориулсан асрамж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх иж бүрэн бүтэцтэй байх юм. Одоогоор ТЭЗҮ, газар эзэмшлийн асуудал шийдэгдэж, байгуулах бэлтгэл ажил явагдаж байна.
Тэрээр “Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулиа батлуулж, жишиг төвөө байгуулснаар Монгол Улсад ахмад, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх асрамж, нөхөн сэргээх үйлчилгээний чанар шинэ түвшинд гарна” гэдэгт итгэлтэй байна гэжээ.