УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдлээ

Admin
2025/11/12

МАН-ын Их хурал энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болж, даргаа сонгох юм. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. 

Түүнийг өнгөрсөн аравдугаар сард зохиогдсон Бага хурлаар намын даргын сонгуульд ялалт байгуулсан хэмээн зарлаж байлаа. Мөн Бага хурлын үеэр намын даргад нэр дэвшсэн Ерөнхий сайд Г.Занданшатар тус өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа өчигдөр мэдээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан намын даргаас нэрээ татаж буй мэдэгдэлдээ "Миний хувьд улс төрийн дайралт, гүтгэлгийг ёс суртахуун, улс төрийн соёл, хууль зүйн хүрээнд хүлээн авч, үнэнийг ил тод тогтоолгохдоо итгэлтэй байна. Худал үнэн хоёр цаг хугацааны шалгуураар тос усаараа ялгаран гарах нь гарцаагүй.

Миний бие цаашид улс төрийн тогтвортой байдлыг хангах, Монгол Ардын Намын эв нэгдлийг бататгах зорилгоор үе үеийн намын дарга нарын болон зөвшилцлийн ажлын хэсгийн санал дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж, Монгол Ардын Намын даргын албан тушаалд МАН-ын Их хурлаар нэр дэвшихгүйгээ мэдэгдэж байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow