Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.17-11.23/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 102 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 23 иргэний амь насыг авран хамгаалж, 132 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт дуудлагын 83 нь обьектын гал түймэр, 1 нь газар хөдлөлт, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
ТӨӨРСӨН, СУРАГГҮЙ БОЛСОН 15 ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЛОО
Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2025.11.23-24/ Дундговь, Өмнөговь, Төв аймгийн 5 суманд бүртгэгдсэн төөрсөн, сураггүй болсон 15 иргэний эрлийн ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд оллоо. Эдгээр иргэдийн 7 нь том хүн, 8 нь хүүхэд байсан бөгөөд малаа хариулж яваад болон автомашинтайгаа зорчиж яваад төөрч, сураггүй болсон байна. Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 74 хүн, 13 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.
