Дэлхийн тойрог замд байгаа Олон Улсын Сансрын Станц руу АНУ-аас хөөрөх Crew 12 багийн бүрэлдэхүүнээс Оросын сансрын нисэгч Олег Артемьевыг хассан тухай салбарын эх сурвалж мэдээллээ. Түүнийг Space X компанийн нууцлалтай мэдээллийг хулгайлахыг завдсан гэж үзсэн байна.
Сансар судлалын шинжээч Георгий Тришкин энэ тухай анх Телеграм сувгаараа мэдээлсэн байна. Тришкиний мэдээлснээр Артемьев нь Калифорни мужийн Хоторн дахь SpaceX компанийн баазад бэлтгэлд хамрагдаж байх үедээ АНУ-ын ITAR (International Traffic in Arms Regulations) буюу үндэсний аюулгүй байдалтай холбоотой экспортын хоригийг зөрчсөн шалтгаанаар хасагдсан байна.
Ийм шалтгаанаар хөөрөхөөс хэдхэн сарын өмнө Артемьевыг багийн бүрэлдэхүүнээс хассан нь асуудал ямар ноцтой байсныг харуулж байгааг “The Insider” онлайн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Тришкин онцолсон.
Оросын сансар судлалын агентлаг Роскосмос “өөр ажилд шилжих шаардлагатай болсон” үндэслэлээр Артемьевыг сольж байгааг мэдэгдсэн.
Crew 12 баг 2026 оны хоёрдугаар сард хөөрөх хуваарьтай байгаа юм. Артемьевыг одоо тойрог замд ажиллаж байгаа Андрей Федяев орлохоор болсон. Федяев өмнө нь SpaceX-ийн Crew Dragon хөлгөөр Олон Улсын Сансрын Станцад очсон юм.
54 настай Олег Артемьев өмнө нь гурван удаа сансарт нисэж байсан. Мөг сүүлд АНУ-ОХУ-ын хамтарсан нислэгийн хөтөлбөрт хамрагдан Crew 12 багийн гишүүнээр сонгогдож байсан юм.
Тэрээр 2019 оноос хойш Москва хотын иргэдийн төлөөлөгчдийн хуралд Нэгдсэн Орос намыг төлөөлөх болсон байна.