ПРОКУРОРУУД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТЭРГҮҮН ХАТАГТАЙ АСНЫГ 15 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА

Admin
2025/12/04

Лхагва гарагт Өмнөд Солонгосын прокурорууд тэргүүн хатагтай асан Ким Кон Хид хувьцааны хууль бус арилжаа болон хээл хахуулийн хэрэгт нь нийт 15 жилийн хорих ял, хоёр тэрбум воны торгууль ногдуулах хүсэлтийг шүүхэд танилцуулсан байна. Түүнийг яллагдагчаар татсанаас хойш гурван сарын дараа уг шийдвэр гарч байна. Тус улсын ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл улс орондоо цэргийн дэглэм зарласнаас хойш яг нэг жилийн дараа энэ явдал нь болж байна.

Юн Сүк Ёлын бүрэн эрхийн хугацаанд улс төрийн дуулианы гол эзэн түүний гэргий Ким Кон Хи байсан юм.

Энэ оны долдугаар сард прокурорын тусгай баг тэргүүн хатагтай асныг нийт 16 хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Дараа сард нь баримт нотолгоог устгаж болзошгүй үндэслэлээр баривчлан хорьсон байна.

Түүнд тулгасан хэргүүдээс хамгийн ноцтой нь хувьцааны хууль бус арилжаа байсан юм.

2009-өөс 2012 оны хооронд хэсэг бүлэг хүмүүс BMW компанийн Өмнөд Солонгос дахь борлуулагч Deutsch Motors компанийн хувьцааны ханшид нөлөөлөх зорилгоор 91 нэр дээр бүртгэлтэй 157 дансаар дамжуулан хууль бус арилжаа явуулсан нь тогтоогдсон. Эдгээр хүмүүст шүүх ял оноосныг энэ оны дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын дээд шүүх хэвээр үлдээсэн байна.

Уг хуйвалдаанд тэргүүн хатагтай асан оролцсон нь мөрдлөгийн явцад тогтоогдсон юм.

Ким Кон Хи мөн 2021-2022 оны хооронд нөхөртэйгөө хуйвалдан улс төр судлаач Мюн Тэ Кюнээс 270 сая воны буюу $183,000 долларын үнэ бүхий 58 ширхэг сонгуулийн санал асуулгын үр дүнгийн тайланг мөнгө төлөлгүй авсан нь Улс Төрийн Санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон байна.

Мөн тэргүүн хатагтай асан 2022 онд Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагын төслийг дэмжсэний хариуд зуучлагчаар дамжуулан тансаг брэндийн гар цүнх, үнэт чулуун эдлэл зэрэг бэлгийг авсан нь хээл хахуульд тооцогдсон байна.

“Үндсэн хуулийн дагуу хэн ч хуулийн дээр, хуулиас гадуур оршин тогтнох боломжгүй. Гэсэн хэдий ч шүүгдэгч нь ганцаараа хуулиас дээгүүр хүн мэт аашилсан. Бусад бүх хамсаатнууд шүүхийн өмнө зогсож байхад шүүгдэгч ганцаараа хариуцлага хүлээхээс зайлсхийсэн нь манай улсын шүүхийн тогтолцоог хүчгүйдүүлсэн хэрэг байлаа” гэж прокурорын баг яллах дүгнэлтдээ бичсэн байна.

Тэргүүн хатагтай асан Ким Кон Хигийн анхан шатны шүүх хурлын шийдвэр нэгдүгээр сарын 28-нд гарах товтой байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow