
Японы нийслэл Токио хотноо болж байгаа олон улсын роботын технологийн томоохон үзэсгэлэнгийн үеэр хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухаант хүн дүрст робот болон автомат удирдлагатай төхөөрөмжүүд олны анхаарлыг татаж байна. Токиогийн Кото дүүрэгт лхагва гарагт нээгдсэн тус үзэсгэлэнд Япон болон олон улсын 670 гаруй компани, их сургууль, судалгааны төвүүд оролцож, роботын үйлдвэрлэлийн ирээдүйг харуулах шинэ шийдлүүдээ танилцуулжээ. Үзэсгэлэнгийн гол танхимд байрласан “Kawasaki Heavy Industries” компани алсын удирдлагатай хүн дүрст роботынхаа шинэ загварыг олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлсэн байна. Тус робот нь гал унтраах, аврах ажиллагаанд оролцох боломжийг харуулах зорилгоор “тоглоомон муур аврах”, “галыг унтраах” зэрэг бодит ажиллагааг туршилтаар гүйцэтгэсэн нь үзэгчдийн анхаарлыг ихээхэн татлаа. Алсын удирдлагатай байхын зэрэгцээ өртөг өндөртэй, эрсдэлтэй орчинд хүний оролцоог багасгах ашигтай шийдэл хэмээн танилцуулсан байна.
“Kawasaki Heavy Industries” компанийн гүйцэтгэх захирал Мацүда Ёшимото NHK-д өгсөн ярилцлагадаа “Роботууд байгалийн гамшиг болсон газар хүн очих боломжгүй нөхцөлд ажиллаж чаддаг байх ёстой. Хүн дүрст робот нь хүмүүсийн ашиглаж байгаа хэрэгслүүдийг яг адилхан барьж хэрэглэх боломжтой болсон цагт бид робот–хүний хамтын ажиллагааны шинэ эрин үед орно” хэмээн онцолсон.
Олон улсын хамгийн томд тооцогдох энэхүү роботын үзэсгэлэн бямба гараг хүртэл үргэлжлэнэ. Мөн технологийн шинэчлэл, хиймэл оюун ухааны хөгжлийн чиг хандлагыг танилцуулах гол талбар болж байна.