Баруун Африкийн Бенин улсад энэ ням гарагт төрийн эргэлт хийхийг санаархсан нь бүтэлгүйтжээ. Бенины дотоод хэргийн сайдын мэдээлснээр төрийн эргэлтийг цэргийн мяндагтнууд хийхийг санаархаж, эрх баригчид нь энэхүү оролдлогыг таслан зогсоожээ.
Бенин улсад өрнөсөн дотоодын эмх замбараагүй байдал нь Баруун Африкийн улс орнуудад ар араасаа өрнөж байгаа төрийн эргэлт, улс төрийн эсэргүүцлийн сүүлийн үйл явдал болж олон улсын анхааралд өртжээ.
Бенин улсын дотоод хэргийн сайд Алассан Сейду ням гарагт улсынх нь засгийн газар нөхцөл байдлыг хяналтандаа оруулж, төрийн эргэлтийг таслан зогсоосон талаар мэдэгдэн, ард иргэдээ тайван байдалд уриалжээ.
Түүнчлэн энэ явдлын дараагаар Бенины Засгийн газрын албаны хүн болох Вильфрид Леандре Хунгбежи-гийн мэдээлснээр 12-р сарын 7-ны ням гарагт төрийн эргэлт хийхийг санаархсан ажиллагаанд оролцсон 14 хүнийг баривчлан шалгаж эхэлжээ.
Бенин улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Олусегун Ажади Бакарийн мэдэгдсэнээр цөөн тооны цэргийн эрх мэдэлтнүүд засгийн газрыг түлхэн унагах оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн. Ерөнхийлөгч Патрис Талонд үнэнч хүчин улс орондоо дэгдсэн эмх замбараагүй байдлыг цаг алдалгүй таслан зогсоожээ. Эх сурвалжуудын мэдээллээр хурандаа Тигри Паскаль тэргүүтэй цэргийнхэн засгийн эрхийг гартаа авахыг завджээ. Тэд улсынхаа Засгийн эрхийг гартаа авсан тухайгаа Үндэсний телевизээр зарлан, Үндсэн хуулийг хүчингүйд тооцон, агаарын, хуурай замын болоон тэнгисийн хилээ хаасан байна. Бениний Котону хот дахь хэд хэдэн дүүрэгт буун дуу сонсогдож байсан ч нөхцөл байдал удалгүй хяналтанд оржээ.
Өнгөрсөн хугацаанд Баруун Африкийн Бенин улс, түүнчлэн хөрш зэргэлдээх Нигер, Буркина-Фасо, Мали, Гвиней, Гвиней-Бисау зэрэг оронд улс төрийн эргэлт болж байжээ. Бенин улс 1960 онд Франц улсын мэдлээс салж, тусгаар тогтнолоо зарласан юм. Улмаар Бенинд нэг бус удаа төрийн эргэлт бослого өрнөж байсан ч 1991 оноос хойш дотоодын нөхцөл байдал харьцангуй тогтвортой байжээ.