АВСТРАЛИД 16 НАСНААС ДООШ ХҮҮХДЭД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД НЭВТРЭХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЛАА

Admin
2025/12/10

Австрали улс 2025 оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн 16-аас доош насныханд олон нийтийн цахим хуудсанд нэвтрэх эрхийг хязгаарлалаа. Шинээр мөрдөгдөж байгаа хууль журмын дагуу 16 наснаас доош насныханд TikTok, YouTube, Instagram, Facebook зэрэг олон нийтийн цахим платформуудад нэвтрэх эрхгүй болж байна.

Ингэснээр Австрали улс насанд хүрээгүй иргэдэд олон нийтийн цахим платформ луу нэвтрэхийг хориглосон дэлхийн анхны улс боллоо.

Австралийн Ерөнхий сайд Энтони Альбаниз шинээр мөрдөгдөж байгаа хуулийн талаар мэдэгдэхдээ “Хүүхдүүд хичээл сургуулиас гадуур чөлөөт цагаа утсаа маажин хий дэмий өнгөрүүлэхийн оронд шинэ зүйлд суралцан, ном уншиж, хөгжмийн зэмсэг эзэмших, сурах гэхчлэн илүү үр дүнтэй зүйлд цагаа зориулах хэрэгтэй” гэжээ.

Австралид шинээр мөрдөгдөж эхэлж байгаа хуулийн дагуу зохих хязгаарлалт, өөрчлөлт хийхийг интернэт платформуудаас шаардаж байна. Хэрвээ эдгээр платформууд үйлчилгээний нөхцөлдөө насны хязгаарлалт тогтоон, зохих өөрчлөлт тохируулга хийхгүй бол 49,5 сая австрали долларын (33 сая ам. доллар) торгууль оногдуулна. Австралийн хууль боловсруулагчид дээрх хууль журмыг батлахдаа хүүхдүүддээ олон нийтийн цахим сүлжээнд нэвтрэхийг нь хориглодоггүй эцэг эхчүүдийн саналыг тусгаагүй байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow