2025 оны Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн Венесуэлын сөрөг хүчний тэргүүн Мария Корина Мачадо Норвегийн нийслэл Осло хотноо болсон шагнал гардуулах ёслолд биечлэн хүрэлцэн ирж чадсангүй. Түүний оронд энэхүү нэр хүндтэй шагналыг Мачадогийн охин Ана Корина Соса Мачадо хүндэтгэлийн индэр дээр гарч гардан авчээ.
Хэдийгээр Нобелийн шагнал гардуулах хороо хатагтай Мачадог аюулгүй байгаа, тэрээр Ослод шагналаа гардахаар биечлэн ирж яваа гэж мэдэгдэж байсан ч Энхтайвны үйл хэргийн төлөөх шагналтан ирж чадаагүй байна.
Ээжийнхээ өмнөөс нэр хүндтэй шагналыг нь гардан авсан Мачадогийн охин Нобелийн салбар хорооны өмнө гарч сэтгэгдлээ хуваалцан мэдэгдэл хийжээ.
Ана Корина Мачадо: “- Энэ шагнал бол миний эх орны хувьд, Венесуэлын ардчиллын хувьд, мөн мэдээж хэрэг миний ээжийн хувьд нэр төрийн хэрэг. Хэдийгээр Венесуэлчүүд эх орон, ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө хүнд хэцүү замаар тэмцэж байгаа ч манай ард түмэн ЭРХ ЧӨЛӨӨ-г сонгож байна. Эрх чөлөө бол сонголт, ардчилсан нийгэмд хүн бүрт сонголт байх ёстой”. Мария Корина Мачадо нь Нобелийн 2025 оны Энхтайвны үйл хэргийн төлөөх шагналыг Венесуэл улсад ардчиллыг бэхжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийнхээ төлөө хүртсэн юм. Тэрээр 2024 онд Венесуэлд явагдсан сонгуулийн дараа сонгуулийн дүнг эсэргүүцэж, эрх баригчдыг хууль бусаар иргэдийн саналыг эргүүлсэнд буруутгасны дараа олны нүднээс сураггүй болжээ. Түүний хаа байгаа газар одоог хүртэл тодорхойгүй ч Мачадо нийгмийн сүлжээнд өөрийн нийтлэлээ байршуулдаг байна