Америкийн Лос Анжелес хотноо 2026 оны “Алтан бөмбөрцөг” кино наадамд өрсөлдөх нэр дэвшигчдийг зарлалаа. 83 дахь удаагаа зохиогдох олон улсын нэр хүндтэй кино наадамд жүжигчин Леонардо ди Каприогийн гол дүрд нь тоглосон “Тулааны араас тулаан” кино хамгийн олон буюу нийт 9 номинацид нэр дэвшлээ.
Тэгвэл найруулагч Пол Томас Андерсоны энэхүү бүтээлийн араас Йоаким Триерын бүтээл “Үнэт зүйл” кино 8 төрөлд, мөн Райан Куглерын “Нүгэлтнүүд” кино 7 төрөлд нэр дэвшсэн байна.
Араас нь 6 номинацид “Алтан бөмбөрцөг”-т өрсөлдөхөөр найруулагч Хлои Жаогийн “Гамнет” бүтээл, мөн Гильермо дель Торогийн найруулсан “Франкенштейн” болон Жон Чу-гийн бүтээл “Wicked-2” кино тус бүр 5 төрөлд нэр дэвшсэн байна.
Шилдэг эмэгтэй жүжигчний шагналд Аманда Сейфид, Чейз Инфинити, Синтия Эриво, Эмма Стоун нар дэвшсэн бол эрэгтэй шилдэг жүжигчний төрөлд Дуйэн Жонсон, Жереми Аллен Уайт, Жоэль Эдгертон зэрэг жүжигчид нэр дэвшсэн байна. 83 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” кино наадмын шагнал гардуулах ёслол 2026 оны 1-р сарын 11-нд Лос Анжелес хотноо болно. Ёслолыг Никки Глейзер хоёр дахь удаагаа хөтлөн явуулна.