Оросын хойд нийслэл гэгддэг хоёр дахь томоохон хот болох Санкт-Петербург бүхэлдээ интернэтийн холболтгүй хоцорч, утсан харилцаа нь доголджээ. Тэгвэл саяхныг хүртэл ийм асуудалтай Оросын Красноярск, Буряд, Белгород болон Ростов мужууд л тулгарч байсан юм.
Ийнхүү “шатдаун” болсон нь Украины талын нисэгчгүй төхөөрөмжийн халдлагад өртсөнтэй холбоотой. Санкт-Петербург хотод энэ сарын 11-12-ны өдрүүдэд агаарын түгшүүр зарлаж, улмаар Санкт-Петербург болон Ленинград мужид интернэтийн холболт тасалджээ.
Мужийн амбан захирагч Александр Дрозденкогийн мэдээлснээр хүчний байгууллагууд шуурхай ажилласны дүнд агаарын дайралтыг сөрөн зогсч, аюулгүй байдлаа хамгаалж чадсан ч холбоо харилцааны салбар хохирол амсчээ. Шинэ жилийн баяр ойртож байгаа өдрүүдэд ийнхүү саатал үүсч, холбоо харилцааны “Билайн” үүрэн телефоны компани доголдлоо арилгахаар ажиллаж байна. Санкт-Петербург хотод хамгийн сүүлд 12-р сарын 6-нд агаарын түгшүүр зарлажээ.