ЕХ-ны парламент 2027 оны 11-р сарын 1-нээс эхлэн ОХУ-аас байгалийн хий худалдан авахаа зогсоох шийдвэр гаргалаа.
Украины дайнаас шалтгаалан ЕХ Оросын талд эрчим хүчний удаа дараагийн хориг тавьж, Оросын нефть, байгалийн хийн нийлүүлэлтээс татгалзах бодлого баримталж байгаа юм. Энэ байр суурь, шийдвэр нь Европын орнуудыг эрчим хүчний хямралд хүргэж байгаа ч Оросын эсрэг хоригоос татгалзахгүй байхаар шийдвэрлэжээ.
Европарламентаас гаргасан шийдвэр энэ сарын 17-ноос эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Шинэ хуулийг Европарламентын 500 гишүүн дэмжиж, 120 нь эсэргүүцжээ. Хууль мөрдөгдөж эхэлснээр ЕХ-ны 27 улс орон Оросын эсрэг хийн хоригийг дагаж мөрдөх шаардлагатай болж байна. Украины дайн эхлэхээс өмнө ОХУ ЕХ-ны нийт байгалийн хийн хэрэглээний 40%-ийг дангаар ханган нийлүүлж байсан. Гэвч сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт 13% хүртэл буураад байсан бол ийнхүү хууль баталснаар бүрэн хоригт багтаж байна. Ингэснээр Оросын тал байгалийн хийн нийлүүлтийн хоригоос шалтгаалан жилд 10 тэрбум еврогийн алдагдал хүлээхээр болжээ. Өнөөдрийн байдлаар ЕХ-ны орнууд Оросын талд эрчим хүчний төлбөр болгон сар бүр 1,5 тэрбум евро төлж байгаа юм. Тэгвэл Украины дайнаас өмнө энэ үзүүлэлт 12 тэрбум доллар байжээ.