ТРАМП ИРАНЫ ТАЛД МӨРГӨЛДӨӨНИЙГ ЗОГСООХ ТӨЛӨВЛӨГӨӨ САНАЛ БОЛГОЖЭЭ

Admin
2026/03/25

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талтай цөмийн асуудлаар тохиролцож, мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөө санал болголоо.

АНУ-ын засаг захиргаа мөргөлдөөнөөс гарах тухай төлөвлөгөөг Ираны талд хүргүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. 

Вашингтоны тал Ойрхи Дорнодыг бүс нутгийн дайныг зогсоох 15 заалт бүхий төлөвлөгөө Ираны талд хүргүүллээ. Үүнийг ажиглагчид Дональд Трампын захиргаа мөргөлдөөнийг зогсоох гарц олохыг эрмэлзэж байгаагийн илрэл гэж харж байна. Мөн цаашлаад Иранд явуулж байгаа цэрэг дайны ажиллагаанаас эдийн засагт учирч болзошгүй үр дагавараас сэргийлэх алхам ч гэж харж байна.

Цагаан ордны тэргүүний санал болгож байгаа төлөвлөгөөнд Ираны пуужингийн болон цөмийн хөтөлбөрүүдийг тусгажээ. Түүнчлэн Ормузын хоолой дахь далайн тээврийн аюулгүй байдлыг сэргээх, нөхцөл байдлыг хэвийн болгох асуудлыг тусгасан байна. Ормузын хоолойг хаасны улмаас эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлүүлэлт тасалдаж, дэлхийн зах зээлд газрын тос, хийн үнэ огцом өссөн юм.

 АНУ-аас санал болгож байгаа төлөвлөгөөг Ираны талд дамжуулахад Пакистан зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн байна. Америк болон Израилийн зүгээс Ираны эсрэг явуулж байгаа хамтарсан цэргийн ажиллагаа 2-р сарын 28-наас хойш үргэлжилж байна.

 Д.Трамп Ираны талд шахалт үзүүлж, Ормузын хоолойг нээхийн тулд энэ улсын Харк арлыг эзлэхээр сүрдүүлсэн.

 Тэгвэл Цагаан ордны тэргүүн сүүлд Ираны талд 48 цагийн хугацаа олгож, хэрвээ Ормузын хоолойг нээхгүй бол Ираны эрчим хүчний дэд бүтэц, цахилгаан станцуудын эсрэг цохилт өгөхөөр  дахин сүрдүүлсэн. Тегеранд олгосон 48 цагийн хугацаа дуусгавар болохтой зэрэгцээд Вашингтон цохилт өгөхөө 5 хоногийн хойшлуулж, энэ хооронд Ираны талтай тохиролцох санал тавьжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow