МАН-ын 31 дүгээр их хурлаар сонгогдсон бага хурлын 597 төлөөлөгч өнөөдөр анхны хурлаа хийж байна. Тус хуралд МАН-ын дарга Н.Учрал Я.Содбаатарыг "генсек"-ээр үргэлжлүүлэн ажиллуулах тухай саналаа өөрийн бүрэн эрхийн хүрээнд санал болгож, дэмжигджээ.
1974 онд төрсөн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг дүүргэж, ШУА-ийн харьяа Технологийн дээд сургууль /одоогийн Улаанбаатар Их Сургууль/-ийг физикч-инженер мэргэжлээр, Удирдлагын академийг удирдахуйн ухааны магистрантур, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн докторантурыг тус тус дүүргэсэн. Физикч-инженер мэргэжилтэй, түүхийн ухааны доктор. ШУА-ийн Бага чуулганы гишүүнээр 2016-2020 сонгогдон ажилласан бөгөөд одоо ШУА-ийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна.
- 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
- 1999-2005 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2005-2008 онд Үйлдвэр худалдааны яамны дэд сайд,
- 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд дарга, Улсын ерөнхий байцаагч,
- 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга,
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга,
- 2018-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд,
- 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд,
- 2021-2024 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд 2024 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.