Нийслэлийн дагуул хотоор төлөвлөгдөж буй Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Тодруулбал, 220/110 кВт хүчин чадалтай Сэргэлэн дэд станцын ажил 95 хувьтай, Хүннү дэд станц 84 хувьтай үргэлжилж, энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн үерийн хамгаалалтын дөрвөн сувгийн ажил 82 хувь, транзит зочид буудлын бэлтгэл 75 хувьтай хэрэгжиж байна. Авто замын 127.4 км бүтээн байгуулалтын ажил 30 хувьтай, харин хоногт 3000 м³ ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 26 хувьтай явагдаж байна. Хөшигийн хөндийд байрлах уг хот нь 150 мянган хүн амтай, 80 мянган ажлын байр бий болгох, нисэх буудал түшиглэсэн хөгжлийн шинэ төв болохоор төлөвлөгдсөн билээ.