Монголын Үндэсний Бөхийн Холбооноос энэ долоо хоногт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулагдах барилдаануудын нэгдсэн хуваарийг албан ёсоор танилцууллаа. Энэхүү хуваарийн дагуу тавдугаар сарын 01-ний Баасан гаригт "Оюутны улсын аварга шалгаруулах" барилдаан болох бөгөөд залуу хүчтэнүүд жингийн ангилал тус бүрээр өрсөлдөж, аваргуудаа тодруулах юм.

Үргэлжлүүлэн амралтын өдрүүдээр бөхийн хорхойстонуудад тавдугаар сарын 02-ны Бямба гарагийн 13:00 цагаас "Бэст баззер" төслийн хүрээнд шилдэг 64 бөхийн сугалаат барилдаан явагдахаар товлогджээ. Харин долоо хоногийн хаалт болгож тавдугаар сарын 03-ны Ням гаригт Завхан аймгийн Сантмаргат сумын харьяа, БНМАУ-ын алдарт арслан, "Нахиу" хэмээх Ш.Санжсүрэнгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 512 бөхийн томоохон барилдаан зохион байгуулагдана.