ИХ БРИТАНИЙН ХААН III ЧАРЛЬЗЫН АНУ-Д ХИЙХ АЙЛЧЛАЛ ӨНӨӨДӨР ЭХЭЛЖ БАЙНА

Admin
2026/04/27

Их Британийн хаан III Чарльз хатан Камиллагийн хамт АНУ-д хийх дөрөв хоногийн төрийн айлчлал өнөөдөр буюу даваа гарагаас албан ёсоор эхэлж байна.   

Энэ удаагийн айлчлал нь АНУ Их Британиас салж, тусгаар тогтносны 250 жилийн ойг тохиолдуулан хийж буйгаараа онцлог юм. Түүнчлэн III Чарльз хаан сүүлийн 25 жилийн хугацаанд АНУ-ын Конгрессын ордонд (Капитоли) үг хэлсэн Их Британийн анхны хаан болно. Хамгийн сүүлд 1991 онд түүний эх, Хатан хаан II Елизабет АНУ-д төрийн айлчлал хийх үеэрээ энэ хүндэтгэлийг хүлээж байжээ. 

Энэхүү айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 болон 2025 онд Их Британид хийсэн хоёр удаагийн төрийн айлчлалын хариуд хийж буй айлчлал юм. 

Хатан хаан II Елизабет хаанчлалынхаа хугацаанд 1957, 1976, 1991 болон 2007 онд АНУ-д нийт дөрвөн удаа төрийн айлчлал хийж байжээ. Харин хаан Чарльз Уэльсийн хунтайж байхдаа тус улсад нийт 19 удаа айлчилж байв. Их Британийн хааны айлчлал Д.Трамп болон тэргүүн хатагтай Мелания нартай цай ууснаар эхэлнэ. Мөн Вашингтонд болох хүлээн авалтад оролцож, төрийн хүндэтгэлийн оройн зоог барина.  

Их Британийн хаан мөн Нью-Йорк хотод очиж 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэнэ. Мөн Виржиниа муж улс дахь уугуул иргэдийн суурингуудаар зочлох аж. Энэхүү айлчлал аюулгүй байдлын өндөр түвшний хамгаалалт дор болно. Дөрөвдүгээр сарын 25-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп сэтгүүлчдийн хамт оройн зоог барьж байх үеэр гарсан хэргээс үүдэн айлчлалын хөтөлбөр өөрчлөгдөж магадгүйг Букингемийн ордон үгүйсгээгүй байна. Улмаар энэ асуудлыг талууд 26-ны өдөр хэлэлцсэний эцэст айлчлалыг "анх төлөвлөсний дагуу" явуулахаар шийдвэрлэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow