Малайз улсад онц хэрцгий хэргйгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны хэргийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон юм. Ерөнхий сайд асан Г.Занданшатар ажлын хэсэг байгуулах захирамжийг өнгөрсөн гуравдугаар сард /2026.03.18/ гаргаж, 10 гаруй хүн ажиллахаар болсон байдаг. Гэвч шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учрал өөрийн кабинетаа бүрдүүлэн ажилласнаар ажлын хэсгийг ахалж байсан ЗГХЭГ-ны Тэргүүн дэд дарга Ш.Раднаасэдийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Бацэцэгийг томилсон юм.
Тодруулбал, ажлын хэсэгт гавьяат багш С.Шаарийбуугаас гадна Гадаад харилцааны яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын гишүүдийн төлөөлөл багтсан.
Энэ талаар ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаас ажлын явцын талаар тодрууллаа. Тэрбээр "Ажлын хэсгийн зүгээс С.Шаарийбуу гуайтай уулзаж, үүсээд буй нөхцөл байдал, өөрийнх нь хүсэлтийг хэлэлцсэн. Миний бие өөрийн албан бланк дээр УИХ-ын эмэгтэй гишүүдийн гарын үсгийг цуглуулж, Малайз улсын парламентад хандсан. Мөн Ажлын хэсгийг ахлагч солигдсонтой холбоотойгоор бүрэлдэхүүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна” гэв.
Парламентын эмэгтэй гишүүд энэ хэргийн талаар дуу хоолойгоо нэгтгэж, гарын үсэг цуглуулснаар Малайзын засгийн газарт болон хүний эрхийн олон улсын байгууллагад давхар хандах боломжтой гэдгийг С.Шаарийбуу хэлж байсан юм.
Гавьяат багш С.Шаарийбуу өмнө нь ярихдаа “Хүн хүний хүчинд, гол эргийнхээ голдирлоор явдаг гэдэг. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Ерөнхий сайдтай уулзах гэж байна гэсэн мэдээлэл нэлээд явсан. Миний хувьд Монголын төрд анх удаа хандсан. Сайхан хүлээж авч шуурхай шийдэж өгдөг юм байна. Малайзын засгийн газар өнгөрсөн 20 жилийн хугацаанд миний эсрэг гомдол гаргаж явсан тэндхийн төр иргэн хүнтэй үзэлцэж байсан нь надад үнэхээр дааж, давшгүй хүнд ачаа байсан. Энэ удаа аргагүй эрхэнд Малайз улсын Холбооны /дээд/ шүүхэд нь давж заалдсан. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар энэ хэрэгт оролцох эрх нь бүрдэж байгаа юм. Улмаар Малайз, Австралитай хэрхэн, яаж харилцах уу гээд хүний эрхийн байгууллага, хуульчид, Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахаар боллоо. Ямар нэг үр дүнд хүрэх байх гэж найдаж байна. Сүүлд дундын дансанд байсан мөнгийг Малайзын засгийн газар буцааж татсан. Гэхдээ Малайзын засгийн газар намайг мөнгөний төлөө явж байна гэж ойлгоод байх шиг байна. Эцсийн дүндээ "уучлаарай" гэдэг үгийг хэлүүлэх гээд байгаа юм шүү дээ. Бид төртэй. Төр миний төлөө ажиллах гэж байгаад туйлын сэтгэл өндөр байна" гэдгийг хэлж байв.