АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг явуулж байгаа дайны үйл явцад НАТО-гийн холбоотон улс орнуудыг татан оролцуулж, дэмжлэг хүссэн. Гэвч Умард Атлантын цэргийн эвслийн орнууд одоогоор Цагаан ордны тэргүүний хүсэлтэд тодорхой хариу өгөөгүйн дээр дайны үйл явцад оролцох хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын тэргүүн НАТО-ийн орнуудыг Вашингтоноос нүүр бууруулснаараа томоохон алдаа гаргаж байна гэж мэдэгджээ.
Америкийн тал Ираны нефтийн нийлүүлэлтийг таслан зогсоохын тулд Холбоотон орнууддаа хандан Ормузын хоолойн хяналт, аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан. Ираны нефтийг гадагш нь экспортлох гол суваг болох Ормузын хоолойг хааж, Америкийн тал хяналт тавихыг зорьж байгаа ч энэ алхмыг холбоотон орнуудын дэмжлэггүйгээр бүрэн хийх боломжгүй байгаа юм.
Ормузын хоолойг хааж, Ираны нефтийн бүтээгдэхүүнд хориг тавьснаар дэлхийн зах зээл дээр нефть, газрын тосны үнэ огцом өсөөд байна. ЕХ-ны улс орнуудын гадаад хэргийн сайд нар даваа гарагт Брюссель хотноо хийсэн зөвлөлдөх уулзалтын үеэр мөн АНУ-ын ерөнхийлөгчийн тавьсан хамтран ажиллах саналыг хэлэлцсэн ч нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй юм.
Улмаар мягмар гарагт Трамп өөрийн Truth Trump цахим платформ дээр НАТО болон ЕХ-ны тал Ираны эсрэг дайнд нэгдэж, Вашингтоны талд дэмжлэг үзүүлэх шийдэлд хүрч чадахгүй, Ираны террорист дэглэмийн эсрэг нэгдмэл байж чадахгүй байгааг нь шүүмжилж, томоохон алдаа гаргаж байгааг нь тэмдэглэсэн байна.