Арабын Нэгдсэн Эмират улс 2026 оны 5-р сарын 1-нээс эхлэн Газрын тос экспортлогч улс орнуудын байгууллага болох ОПЕК болон ОПЕК+ бүлэглэлээс гарахаар шийдвэрлэлээ. Энэ талаар Эмиратын эрчим хүчний сайд Сухаил Мохамед аль Мазруи Ройтерс агентлагт мэдээлжээ.
Дэлхийн нефть олборлогч улс орнуудын нийгэмлэгээс гарах болсон шалтгаанаа Арабын Нэгдсэн Эмират газрын тосны үйлдвэрлэлийн бодлого, түүнчлэн одоогийн болон ирээдүйн хүчин чадлыг цогцоор нь хянаж тооцоолон улс орны одоогийн болоод урт хугацааны стратегийн болон эдийн засгийн алсын харааг тусгаж гаргасан улс төрийн шийдвэр гэж тайлбарласан байна.
ОПЕК бол газрын тос экспортлогч орнуудын олон улсын байгууллага юм. Тус байгууллага нь түүхий газрын тосны үйлдвэрлэлийн квотыг хянах зорилготой 1960 онд байгуулагдсан.
Арабын Нэгдсэн Эмират ОПЕК-т 1967 онд нэгджээ. Тэгвэл энэхүү байгууллагын гишүүнчлэлээс татгалзсанаар одоо ОПЕК-т Алжир, Экваторын Гвиней, Габон, Иран, Ирак, Кувейт, Ливи, Нигери, Конго улс, Саудын Араб, Венесуэл зэрэг 11 орон үлдэж байна.
Тэгвэл ОПЕК+ буюу ажиглагч гишүүн орнуудын нэгдэлд Орос, Азербайжан, Бахрейн, Бруней, Бразил, Казахстан, Малайз, Мексик, Оман, Өмнөд Судан, Судан гэсэн арван улс багтдаг юм.