Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дөрөвдүгээр сарын 20-23-нд Бүгд Найрамдах Казахстан улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Ерөнхийлөгчийн түвшинд 20 жилийн дараа болж байгаагаараа онцлог юм. Айлчлалын үеэр Касым-Жомарт Токаевтой ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны стратегийн түншлэлийг өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Айлчлалын хүрээнд бизнес форум зохион байгуулж, Монголын уран бүтээлчид Астана хотод тоглолт толилуулахын зэрэгцээ Ерөнхийлөгч экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.