НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиерден нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатартай уулзалт хийлээ. Энэ үеэрээ байгаль орчны тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар сүүлийн жилүүдэд НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглээд, “НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартад нийцсэн “Чип” төсөлд Улаанбаатар хотын 1385 айлыг хамруулсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулах, мөн хүүхдийн эрүүл, аюулгүй, тайван амьдрах нөхцөлийг хангахаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирус (HPV), хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, өвчлөлийг багасгах төсөл хэрэгжүүлж байна” гэв. Тэрбээр цаашид байгаль орчны хамгааллын чиглэлээр илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.