Малын гаралтай түүхий эдийн гол зах болох "Эмээлт" захад зарим төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой, харин ноолуурын ханш өндөр түвшинд хадгалагдаж байна.
Тодруулбал, өнөөдрийн үнийн мэдээллээр ямааны арьс өлөнтэйгөө 60 мянган төгрөг, ноолуур 200-203 мянган төгрөгийн хооронд арилжаалагдаж байна. Ноолуурын ханш 200 мянган төгрөг давсан нь улирлын эрэлттэй холбоотойгоор өссөн байна. Харин бусад түүхий эдийн хувьд хонины нэхий өлөнгийн хамт 3000 төгрөг, үхрийн шир 5000 төгрөг, адууны шир сүүлтэйгээ 15 мянган төгрөгийн ханштай байна.
Мөн сүүл ширхэг нь 12 мянга, дэл нэг килограмм нь 2000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Түүнчлэн цагаан шир болон тэмээний шир тус бүр 60 мянган төгрөг, сарлагийн шир сүүлтэйгээ 38 мянга, бухын шир мөн 38 мянган төгрөгийн үнэтэй байна. Хөөврийн үнэ 20 мянган төгрөгт хүрчээ. Малчид болон түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн хувьд үнийн энэхүү түвшин нь орлогын чухал эх үүсвэр болж байгаа бол цаашид ноолуурын ханш хэрхэн өөрчлөгдөх нь зах зээлийн эрэлт, экспортын нөхцөлөөс шалтгаална гэж мэргэжлийнхэн үзэж байна.