Украин болон Францын төрийн тэргүүн нар Украинд Rafale загварын 100 сөнөөгч онгоц нийлүүлэх гэрээ байгуулсан талаараа мэдэгдлээ. Володимир Зеленский болон Эммануэль Макрон нар даваа гарагт Украины батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх тухай тунхаг байгуулан Украины тал ойрын 10 жилд багтаан Dassault компаниас цэрэг дайны зориулалт бүхий Rafale сөнөөгч онгоц худалдан авахаар тохиролцсон байна.
Тунхагт гарын үсэг зурах ёслол Виллакубле дахь цэргийн нисэх буудалд болжээ. “Бид улс орондоо төдийгүй дэлхийд хүчирхэгт тооцогдох агаараас эсэргүүцэн хамгаалах системтэй болно” гэж Украины ерөнхийлөгч тэмдэглэсэн байна.
Францын тал Украинд 100 нэгж цэргийн онгоц нийлүүлэх болно гэдгийг батлан, Украины армийг бэхжүүлэн сэргээхэд оруулж байгаа үнэтэй хувь нэмэр гэж тооцож байгаагаа илэрхийлжээ.Украин болон Францын тохиролцооны дараа Dassault компанийн хувьцааны үнэ 7,4%-иар огцом өсчээ.
Rafale нь 9,500 кг ачаа тээвэрлэх чадвартай цэргийн өндөр үзүүлэлт бүхий хамгийн орчин үеийн сөнөөгч онгоц юм. Энэ онгоц хүчин чадлаараа Оросын Су-35 болон Eurofighter-тай эн тэнцдэг байна.
Орчуулсан Б.Оюун