“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД БАЙГАЛЬ ОРЧНЫ ШААРДЛАГА ТАВИГДЛАА

Admin
2026/04/21

“Туулын хурдны зам” төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар нийслэлийн удирдлагууд болон төслийн гүйцэтгэгчидтэй гурван талт уулзалт хийлээ. Уулзалтаар төслийг Монгол Улсын байгаль орчны хууль тогтоомжид бүрэн нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлага тавьж, зөрчил илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан байна. Сайд Ц.Сандаг-Очир “Хуулиас дээгүүр төсөл гэж байхгүй” хэмээн онцолж, өмнө гарсан зөрчлийг арилгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, тайрсан бургасанд нөхөн төлбөр ногдуулах чиглэл өгчээ. Мөн төслийн бүх үе шатанд байгаль орчны нөлөөллийг бууруулах, тогтмол хяналт, мониторинг хийх, хоёр жил тутамд аудитын шалгалт явуулахыг үүрэг болгосон байна. Түүнчлэн “Туулын хурдны зам” төслийн 2026 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох хууль, журмын дагуу хянан баталсныг мэдэгдлээ. Нийслэлийн зүгээс төслийг цаашид дээрх чиглэл, хууль, журмын дагуу хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow