ҮЛЭГ ГҮРВЭЛ ТАЛ ХЭЭРИЙН БҮСЭД Ч АМЬДАРЧ БАЙСНЫГ НОТОЛСОН МӨР ИЛРҮҮЛЖЭЭ

Admin
2026/04/20

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач Б.Майнбаяр тэргүүтэй баг 10 гаруй жилийн уйгагүй судалгааны үр дүнд Төв аймгийн Эрдэнэсант сумын Сайжрах уул орчмоос үлэг гүрвэлийн чулуужсан мөр илрүүллээ. Эдгээр мөр нь Цэрдийн галавын үе буюу ойролцоогоор 120 сая жилийн өмнөх үед хамаарч байна. Энэ утгаараа тухайн үед төв Монголын тал нутагт нуур, усан орчин байсан болохыг баталж байгаа юм. Судалгааны явцад нийт 62 мөр бүртгэгдсэний дотор урт хүзүүт аварга биет завропод төрлийн үлэг гүрвэлүүдийн ул мөр байх магадлалтай гэж үзжээ. Тус бүсээс занар чулуулаг дотор хадгалагдсан дун, хясаа, загас, ургамлын үлдэгдэл илэрсэн нь эртний экосистемийг тодорхойлох чухал баримт болсон байна.

 Энэхүү олдвор нь Монголд зөвхөн говийн бүсэд үлэг гүрвэл амьдарч байсан гэх ойлголтыг өөрчилж, тал хээрийн бүсэд ч амьдарч байсныг нотолсон ач холбогдолтой юм. Судлаачид уг олдворыг олон улсын түвшинд нийтэлж, шинжлэх ухаанд бүртгүүлжээ. Цаашид уг бүсийг хамгаалалтад авч, шинжлэх ухаанд суурилсан аялал жуулчлал хөгжүүлэх боломжтойг судлаачид онцоллоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow