Багахангай–Хөшигтийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил 84 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг төслийг Засгийн газрын шийдвэрээр “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани хэрэгжүүлж байгаа билээ. Энэ оны есдүгээр сард бүрэн дуусгаж, анхны галт тэргийг явуулахаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд Хөшигтийн хөндий хүртэлх 87 км төмөр замын газар шорооны ажил бараг дуусч, дээд бүтцийн угсралт эхэлсэн байна. Нийт 39 дотоодын компани оролцож, 49 ус зайлуулах байгууламж, 16 дөрвөлжин хоолой, мал амьтны гарц зэрэг дэд бүтцийг байгуулжээ. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын дундуур дамжин өнгөрөх ачаа тээвэр буурч, замын түгжрэл болон агаарын бохирдлыг багасгах ач холбогдолтой. Мөн шатамхай болон аюултай ачааг хотын гадна талд шилжүүлэх боломж бүрдэж байна.