“ЭСГИЙН ГАЙХАМШИГ-ШИНЭ ДУУ ХООЛОЙ” ЭСГИЙ УРЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Admin
2026/04/21

Тойнь Амгалан Хайрхан сургалтын төвийн багш, урлаачдын “Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд өчигдөр нээлээ.

Үзэсгэлэнд уламжлалт арга технологийг орчин үеийн загвар дизайнтай хослуулах, ноосыг бусад материалтай хольж хийсэн монгол үндэсний дээл хувцас, абстракц зураг, эсгий зохиомж зэрэг бүтээлүүдийг дэлгэжээ. Мөн эсгий урлалыг хөгжүүлэх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, эсгий урлаачдыг олон нийтэд таниулах зорилготой аж.

Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн гар урлалын мэргэжлийн багш О.Загдцэнд ярихдаа, “Бид хонины ноосоор эсгий ширмэл, олбог зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хийдэг байсан бол энэ удаад уг материалыг илүү бүтээлч, уран сайхны чиглэлд ашиглан абстракт шийдэл бүхий, монгол ахуйг илэрхийлсэн бүтээлийг туурвихыг зорьсон” хэмээн тодотгож байлаа.


Түүнчлэн тэрбээр, “Үзэсгэлэнд нийт 12 шавь оролцож, 20 гаруй уран бүтээл дэлгэн үзүүлж байна. Харин эсгий хувцасны бүтээлүүдийг багтаавал 50-60 орчим бүтээлтэй болж өргөжсөн. Оролцогчид хонины ноосоор материалаа өөрсдөө бэлтгэн боловсруулж, эсгий хувцас урлан танилцуулж байна. Мөн залуу уран бүтээлчдийг дэмжих, орчин үеийн дизайн, шинэ шийдлийг сурталчлахад чиглэж байгаа” гэв.

Эсгий нь байгальд ээлтэй, задрахдаа бордоо болдог, хүний биед сөрөг нөлөөгүй, чийг татдаггүй, хөнгөн атлаа дулаахан зэрэг олон давуу талтай ба өдөр тутмын хэрэглээнд илүү өргөн ашиглах боломжтой аж.

О.Загдцэнд багш уран бүтээл туурвихаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр идэвхтэй ажилладаг. Тэрбээр бие даан ажлын байр бий болгох, ур чадвараараа орлого олох ур чадварыг суралцагчиддаа эзэмшүүлэхэд онцгой анхаарч, бодит дэмжлэг үзүүлж ирсэн байна.


Тус үзэсгэлэнг энэ сарын 26-ныг хүртэл олон нийтэд дэлгэнэ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow