Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.ҮЙЛСТӨГӨЛДӨР: Дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, Монгол түмний өнө мөнхийн бахархал, хаадын хаан эзэн богд Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөр маргааш/2025.11.21/ болно. “Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг батжин бэхжүүлэх эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс түүх, өв уламжлалыг судлан шинжилж, хадгалан хамгаалж, дэлхий дахинд сурталчлан таниулах их үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан. Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, төр нийгмийн зүтгэлтэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон гардуулдаг уламжлалтай. Энэ жил энэхүү эрхэм дээд шагналаар ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх их үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах Монгол Улсад хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд, их эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс энхийг тогтоосон үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин шинжлэх ухааны болон сургалт судалгааны эргэлтэд оруулсныг өндрөөр үнэлэн эрхэм хүндэт академич Содовсүрэнгийн Нарангэрэлийг Монгол Улсын төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулахаар шийдвэрлэснийг дуулгая" хэмээн мэдээлэл хийлээ.
С.Нарангэрэл нь МУИС-ийн 1975 онд төгссөн цагаасаа хойш төрлөх сургуульдаа 50 дах жилдээ багшилж байгаа бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч дарга, Улсын ерөнхий прокурорт хэлтсийн дарга, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх төрийн бодлого судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Улсын бага хурлын дэргэдэх Төр нийгэм судлалын академийн дэд захирал, УИХ-ын гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажилласан байдал нь түүний онол, практикийн арвин туршлагатай эрхэм болохыг тодорхойлж байгаа юм.