УИХ-ын даргаар УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд, МАН-ын дарга Н.Учрал томилогдлоо. Түүний томилох чуулганы нэгдсэн хуралдаанд 97 гишүүн оролцсоноос 80 гишүүн түүнийг даргаар сонгохыг дэмжсэн юм.
УИХ-ын дарга Н.Учрал тамга хүлээн авсны дараа хэлсэн үгэндээ: "Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш хууль төрж байх ёстой. УИХ-ын нэр хүнд гишүүн гэмт хэрэгт шалгуулаад байгаагаас унаагүй, УИХ-ын гишүүн шалгуулахгүй байх давуу дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өсөх болно", мөн тэрээр "Та бид ард түмний 126 дарга биш. Та бид ард түмний 126 элч төлөөлөгч. Илүү тусгай эрх дархтай, ард түмэнд зааж зааварладаг дарга нар биш" хэмээх үгийг онцоллоо.
Түүнээс ёс зүйтэй, хариуцлагатай байхыг шаарддаг УИХ-ын дарга байх хүлээлтийг нийгэм тавьж эхэллээ. Ийнхүү парламентын шинэ дарга Н.Учралын цаг өнөөдрөөс гүйж эхэллээ.